ЦЭРЭННАДМИД ОВОГТОЙ БУМХАНД

19

ЦЭРЭННАДМИД ОВОГТОЙ БУМХАНД 2003-2012 ОНД УЦУОШТӨВИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАСАН.

 

1959 оны 04 дүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Хадан ихэр гэдэг газар малчин ард Цэрэннадмидийн 4 дүгээр охин болж мэндэлж, 8 нас хүртэл аав ээжийн гар дээр өсөж ториноод 1967 онд сургуульд орсон. 10 жил суралцаад 1977 онд төгсөөд Дархан Шарын голын Усны аж ахуйн техникумын цаг уурын ангид элсэн орсноор Ус цаг уурын хэмээх их айлын алтан босгыг алхаж ажил амьдралын гараагаа эхлэсэн.

Техникумаа төгсөөд 1980 онд МУИС-ийн Цаг уурын инженерийн ангид элсэн орж 1985 онд төгсөөд Өвөрхангай аймгийн УЦУОШТөвд синоптик инженерээр хуваарилагдан тасралтгүй 18 жил инженер, ахлах инженерээр ажилласан.

2003 онд тус төвийн захирлын ажлыг хүлээн авч өөрийн боломж бололцоогоор хамт олноо удирдан зохион байгуулж 2012 он хүртэл Аймгийн болон Салбарын тэргүүний хамт олноор удаа дараалан шалгарч эвсэг, ажилсаг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байсан гэж бодож явдаг.

Энэ хугацаанд аймгийн ЗДТГазрын санхүүжилтээр 2003 онд Аймгийн “Гадаргын усны тооллого судалгаа”, БОАЖЯамтай хамтран 2004 онд Аймгийн ”Ургамлын нөмрөгийн судалгаа”-г ЦУОШХүрээлэнгийн ХАА-н сектортой, 2008 онд ”Арвайхээр хотын Агаарын бохирдолын судалгаа”-г БОХЗТЛ-тай хамтран хийж тайлагнаж байсан.

Харин төвийн инженрүүдтэйгээ хамтран 2005 онд “Арвайхээр нисэх онгоцны буудлын уур амьсгалын лавлах” бэлтгэн хэвлүүлж ашиглаж байгаа. 2006 онд ”Өвөрхангай аймгийн Дулааны улирлын хур тунадасны өөрчлөлт, конектив” үзэгдлийн судалгаа, 2009 онд “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны суурь судалгаа” зэрэг судалгааны ажлуудыг хийж байсан.

2007 онд аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр УЦУОШХүрээлэнтэй хамтран “Төвийн бүсийн Уур амьсгалын өөрчлөлт” ЭШБХурал зохион байгуулж ЦУОШГазар, УЦУОШХүрээлэн, 21 аймгуудын УЦУОШТөвүүдийн нийт 150 гаруй төлөөлөгч оролцож байсан.

2010 онд Өвөрхангай аймагт Ус цаг уурын байгууллага үүсч хөгсний 70 жилийн ойг аймгийн ЗДТГазрын болон тус төвийн үе үеийн ус цаг уурчдын дэмжлэгээр зохион байгуулж төв орон нутгийн 100 гаруй зочид төлөөлөгчдийг оролцуулж байсан. Ойн ажлын хүрээнд Арвайхээр хот болон 18 суманд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгүүдийг өргөн хүрээтэй зохион байгуулсан.

2012-2020 он хүртэл Ерөнхий технологич хэлтсийн даргын болон Багаж хэмжил зүйн инженерийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж, Цаг уур, ХААЦУ,  Ус судлал, БОШЛаборатори, ЦАЗНөлөөлөх экспедицийг хариуцан ажиллаж ихэнх салбарууд судалгаа, шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлаараа системдээ эхний байруудыг эзлэдэг байсан.

Өвөрхангай аймгийн Ус цаг уурын салбарт инженерээс төвийн захирал хүртэл тасралтгүй 35 жил ажиллаад гавъяаны амралтандаа гарсан.

 

 

Хуваалцах :